logo

ДУНДГОВИЙН БРЕНД "АГАР"-ЫГ БҮТЭЭСЭН С.БАТ-ЭРДЭНЭ

ДУНДГОВИЙН БРЕНД "АГАР"-ЫГ БҮТЭЭСЭН С.БАТ-ЭРДЭНЭ

С.Пүрэвсүрэн

  Дундговийг дуу хуур, айраг, найраг, найр наадмын орон гэдэг. Дундговийн орон даяар алдаршсан бренд нь амтат сайхан айраг яах аргагүй мөн.  Тэгвэл  айраг цагаагаа хийх сав суулга хичнээн чухлыг онцолсон “Сааль хураахаар сав хураа” гэсэн ардын үг бий.  Дундговьд энэ алдарт айраг цагааг дагаж  нутгийн онцлогоор ч гэх үү  “Агар” нэрийн өвөрмөц бренд бий болгосон хүн нь  ТЭББЭ компанийг үүсгэн байгуулагч  С. Бат-Эрдэнэ  билээ.  Тэр сургуулиа төгсгөөд иртэл нийгмийн шилжилт өрнөж хэн юү чаддагаа хийж амьдрах нь зах зээлд хөлөө олох арга гэдгийг олж харсан гэнэ. Юун түрүү аавынх нь мужаан, дархны багаж хэрэгсэл  санаанд орсон аж.  Аав нь мод, төмрөөр юүг ч хийчихдэг, машин, техник ч засчихдаг  эрдэм чадалтай хүн байсан нь хүүд нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн л биз. Анхандаа  энд тэндхийн байр, байшингийн өнцөг булангийн өрөө түрээслэн монгол гэрийн хаалга, тооно, ширээ сандал... гээд модон эдлэл хийж яваад нэгэн шинэ санаа төрсөн нь саалийн модон хувин хийх байв. Агар

                Саалийн  модон хувин олдохоо больж төмөр, хуванцар хувин  нүүдэлчин малчдад тун ч тохиромжгүй, саалгаж сураагүй гунж, байдас нэг тийрэхэд л хага үсрэх,  өм цөм хонхойх, төмөр хувин хангир жингэр дуугарч  үнээ, гүү үргээх болсон нь малчны хүүд энэ шинэ санаа төрүүлсэн хэрэг. Ер нь саалиндаа гарч байгаа эхнэр, хүүхнүүд төмөр юмуу хуванцар хувин бариад явахын оронд сайхан модон хувингаа аваад гарах нь хичнээн нүнжигтэй сайхан харагддаг билээ.  Тэгээд ч модон хувин, хавчиг, тоотон, хөөрцөг, андуу, агаруу,  ган... гээд нутаг нутагт өөр өөрөөр хэлэгддэг модон сав суулгыг ард түмэн ”Дээшээ харсан сав” хэмээн бэлгэшээдэг,  шагнал, бэлгэнд өгөхөд тохиромжтой гэж энэ төрлийн үйлдвэрлэл эрхлээд эхэлсэн нь  Бат-Эрдэнэд санаанд ч төсөөлөөгүй их захиалганд дарагдсан төдийгүй, одоо нэлээн хэдэн хүнд ажил олгогч болчихсон, мужаан, дархны  гэсэн хоёр ч цехтэй хувийн үйлдвэрээ  ажиллуулж байна.    Эднийх том жижиг, хийц хэмжээ өөр өөр хэд хэдэн төрлийн саалийн хувингаас гадна,  том, жижиг сөн, ган, тэр ч бүү хэл модон домбо... гээд олон нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгаа юм.

АгарАгар

                -Хамгийн гол нь чанар. Бас дахин чанар.  Нөгөө талаар эко, байгалийн гаралтай цэвэр модыг таваас доошгүй жил хатааж, хүнсний   зориулалтын зүйл хийх сав суулга тул хүний эрүүл мэндэд харшлах элдэв будаг шунх, лак, цавуу оролцуулахгүй  шаантаг, углуургын аргаар хийдэг..  Мөн  бүтээгдэхүүн хийх модыг хичнээн жил  сааль сүү хийгээгүй ч гэсэн хагсахгүй, агшилт, тэлэлтэд өртөхгүй байх технологиор боловсруулна гэж маш нарийн ажил.   Манайх бүтээгдэхүүний дээжээ  Улсын нэр хүндтэй лабораторид шинжлүүлж хүний эрүүл мэндэд тохирсон, эко бүтээгдэхүүн гэдгийг нотолсон баталгааг авсан.

                Жирийн үед сардаа  300-400 хувин үйлдвэрлэж байна.   Улс орны хэмжээнд олонхи аймаг улс, аймгийн аварга малчдын шагналд олноор захиалан хийлгэхээс гадна Өвөр монголоос ч захиалга ирдэг. Захиалга ихтэй үе гэж бий. Цагаан сар, баяр наадам, найр хуримын цаг, улс, аймаг аварга малчдаа шалгаруулах үе гээд... Тэр үед ачаалал ихэсдэг.   Манайх бүтээгдэхүүнээ бэлэг дурсгалын биш,  ахуйн хэрэгцээний зориулалтаар үйлдвэрлэдэг тул үзэмж хийц гоё байхаас гадна бөх бат, олон жилийн турш ашиглахад чанар, байдлаа алдахааргүй хийхийг  чухалчилдаг, одоо миний хүү Б.Буянт үйлдвэрлэлээ ерөнхийд нь хариуцаад явж байна. Эхнэр С.Энхжаргал маань санхүүгийн ажил олон жил эрхлэсэн болохоор  манай Нягтлан бодогч, өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай болсон маань олон жилийн  тууштай, дагнасан хөдөлмөрийн маань үр дүн юм даа. Хүмүүс манай үйлдвэрлэлийг их хялбархан юм шиг ойлгож  цаас хувилаад гаргах шиг санан  өнөө, маргааш    төд хэрэгтэй, 10 хоногт 400, 5 хоногт 600-г гаргаатах гэсэн захиалга ирэх явдал бий.  Гэтэл тийм боломжгүй, нэг хувин хийнэ гэхэд  мужааны 11, дархны 9 дамжлагыг дамжиж байж бэлэн болно.  Дархны  дамжлага гэхэд хээ, хуар цохих,  хөөмөл, зэс, гуулин бүслүүр...хийх гээд олон ажил бий гэж С.Бат-Эрдэнэ ярьж байна.Агар

С.Бат-Эрдэнийн нэг эмзэглэж явдаг зүйл гэвэл хичнээн жил сэтгэл оюунаа чилээж, өдий төдий туршилт,   хөдөлмөр зарж бий болгосон шинэ бүтээгдэхүүнийг нь зүгээр л хуулбарлаад,   амар хялбар аргаар хүний нүд хуурах төдий хийчихээд хямд үнээр зах зээлд гарган оюуны өмчийн патент авчихсан бүтээгдэхүүнийх нь нэрийг зээлдэн  хэрэглэгчдийг хууран мэхлэх явдал энд тэнд гардаг явдал юм.              

                 Ийнхүү Сумьяагийн Бат-Эрдэнэ олон жилийн уйгагүй хөдөлмөр, ур ухаанаараа  Дундговийн нэгэн шинэ бренд-“Агар”-ыг бүтээсэн,  улам шинийг эрж хайж улам өргөжүүлэх, үе залгамжилсан үйлдвэрлэгчдийг бий   болгохыг зорьж явна.

Агар

               

ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД

example
example

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.