Ө.ШИРНЭН: -ШИРГҮҮНИЙ ГОВИЙН ХОНЬ-МИНИЙ БАХАРХАЛ
Ө.Ширнэн 1939 онд Адаацаг суманд төрсөн. Сургууль соёлын мөр хөөж, зоотехникчийн мэргэжил эзэмшиж 30 жил нэг албан тушаалд дагнан ажилласан мэргэжилтэн.
1964 онд Эрдэнэдалай суманд Мал үржил, зохиомол хээлтүүлгийн улсын станц байгуулах шийдвэр гарахад сургууль төгсөөд удаагүй зоотехникч И.Уламбаяр, Ө,Ширнэн нарт тус байгууллагын тулгыг тулж, галыг бадраах үүрэг ногдсон. Энэ станц нь үндсэндээ Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Адаацаг, Дэлгэрцогт сумын үхэр, хонь, ямаан сүргийг эрлийзжүүлэн сайжруулах чиглэлийг хэрэгжүүлсэн юм. Үхрийг казакийн цагаан толгойтоор, хонийг чамаар, ямааг дон үүлдрээр сайжруулах нь нутгийн мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэн чанарыг сайжруулах тухайн үеийн төрийн бодлого байж дээ. Энэ ажилд Ө.Ширнэн богийн, ялангуяа хонин сүргийн чанарыг сайжруулахад амьдралын 30 гаруй жилийг зориулсан, энэ хугацаанд нэг л ажлын байранд мэргэжлээрээ ажилласан. Ажлынхаа үр дүнг ч үзсэн. Эхлэн чамаар үүлдрээр эрлийзжүүлж байсан хонин сүргийг Увс аймгийн баяд омгоор сайжруулахаар асуудлыг улс, аймгийн удирдлагад танилцуулан 1985 онд Увс аймгийн Малчин сумаас 200 баяд хуц хонин сүргийн Улсын үржлийн фермийг Эрдэнэдалай суманд байгуулсан юм. 1990-ээд он хүрэхэд нутгийн хонины ноосны ноолуурлаг чанар сайжирч үндэсний үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эдэд тооцогдох болсон. Тэр ч бүү хэл аймгийн хэмжээний хонин сүргийг сайжруулахад энэ үржлийн ферм үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж хол ойрд “Ширгүүний говийн хонь” гэсэн омог бий олох эхлэл тавигдсан ажээ. Аймгийн Намын хороо Ө. Ширнэнгийн энэ ажлын үр дүн, хичээл зүтгэлийг харгалзан 1971 оноос Адаацаг сумын мал аж ахуйн үйлдвэрлэл хариуцсан орлогч дарга буюу зоотехникчээр томилж ажиллуулсан. Нэгэнт ажил сайжруулах томилолттой очсон тэр хөдөө хөхөрч, гадаа гандаж, малчин түмний дунд мал сүргийн үүлдэрлэг чанарыг сайжруулахын ач тусыг биечлэн ажлын үр дүнгээр ойлгуулж хэдэн жил ажиллахад сумаа “Таван жилийн гавшгайч” болгож, өөрөө “Аймгийн аварга мэргэжилтэн” цол хүртэн мандаж явсан юм. Гэтэл “Сайн юманд садаа мундахгүй” гэгчээр 1976-1977 оны айхтар зуданд Адаацаг сумын мал сүрэг өм цөм хорогдож сумын дарга Д.Доржсүрэн, мал аж ахуй эрхэлсэн орлогч дарга Ө.Ширнэн нар тухайн үеийн нам, засгийн “Зуд гэж байхгүй, хариуцлагагүйн зуд л гэж бий” гэсэн амьдралаас тасархай үзэл суртлын “Хайчинд хяргуулж” хуулийн байгууллагын хаалга татсан удаатай.
Харин ерээд оны ардчилсан үзэл санаа “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зуд турхан, байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөсддөгийг төр засаг хүлээн зөвшөөрч Сум-нэгдлийн туршлагатай дарга Д.Доржсүрэнг тухайн үед хэлмэгдүүлснээ цагаатган төрийн Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяа, Сүхбаатарын одонгоор шагнасан. Харин түүний орлогч Ө.Ширнэн мөн хамт хэлмэгдсэн атал өнөө хүртэл гавьяа шагналгүй, хэнд ч анзаарагдахгүй тэтгэврийн өвгөн Улаанбаатар хотод нам жим аж төрж байхад, түүний залуу халуун насны эрч хүч, сурч мэдсэн мэдлэг мэргэжил, олон арван жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан Улсын үржлийн фермийн шинжлэх ухааны үндэстэй үйл ажиллагааны үр дүнд нутгийн шилмэл-цөм сүргийн үндэс суурийг тавьж бий болгосон хонин сүрэг нь “Ширгүүний говийн хонь” нэрээр алдаршиж, өөр хүмүүст ажлын үр дүн нь хаяглагдаж явах шиг... Энэхүү нутгийн шилмэл хонин сүрэг нь мах, ноосны гарцаар ердийн хониноос 10-20 хувь илүү, махны амт чанар онцгой, ноосны ноолуурлаг микроны үзүүлэлтээр үндэсний үйлдвэрийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа юм.
Иймд “Ширгүүний говийн хонь бол миний бахархал, ажлын маань үр дүн юм шүү” гэж өгүүлж байгаа, одоо ер шахам насыг наслаж яваа, мал зүйч Ө.Ширнэн гуайн залуу халуун насны хөдөлмөр, зүтгэл, ажлын үр дүнг төр, засагт үнэлүүлэх талаар аймгийн холбогдох байгууллага анхаарах биз ээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.