ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

УХАНЬ-БААТАРЛАГ ТҮҮХТЭЙ ХОТ
УХАНЬЧУУД-БААТАРЛАГ АРД ТҮМЭН
Ухань хотод тав хоноод ирлээ. Хубэй мужийн төв хорь шахам сая хүнтэй энэ том хотын нутаг дэвсгэрийг газрын зураг дээр харвал далавчаа дэлгэн нисч яваа эрвээхэйн дүрс төсөөлөгдөнө. Дэлхийн гурван урт мөрний нэг, Амазонка, Нилийн дараа орох Хөх мөрний хөвөөн дэх Ухань хот 3500 гаруй жилийн түүхтэй, Хятадын арван том хотын тоонд эрэмбэлэгддэг. Яг одоо Уханьд +45, түүнээс ч илүү градуссын халуун “Шатаж” байна. Өвлийн улиралд 0 хэмтэй энэ газар халаалтын систем гэж байхгүй нь хэмнэлттэй санагдавч сэрүүцүүлэх төхөөрөмж ашиглалтын зардал өндөр бололтой. Хятад орны голт зүрх болсон энэ бүс нутаг худалдаа санхүү, соёл, шинжлэх ухаан, зам харилцаа, аялал жуулчлалын хөгжлийн төв зангилаа юм байна. Тиймээс ч Ухань, түүнийг тойроод олон том хотууд бий төдийгүй 1000 км-ийн радиус бүхий энэ бүс нутагт бараг тэрбум хүн суурин амьдардаг гэсэн статистик бий.
Ухань хотыг Монголчууд өмнө нь тэр бүр сайн мэддэггүй байсан ч ковид-19 гэж аюулт халдварын анхны тохиолдол энэ хотоос гарснаар дэлхий дахиныг тэр чигт нь цочроосон билээ л. Ухань хотын Мэдээллийн төвийн хананд “Хөх мөрний өдөр тутмын сонин”-ы тэргүүлэх нүүрийг хүндтэй хоргонд байрлуулсан нь 2020 оны 2 дугаар сарын 2-ны дугаар байлаа. Тэнд тэмдэглэснээр “ Энэ үл мэдэгдэх өвчин бол Уушигны хатгалгааны шинэ төрлийн халдвар мөн” хэмээн доктор Жан Жишиан тодорхойлсныг мэдээлсэн байна. Энэхүү баримтыг Хятад орон “Ковид-19”-ын халдвартай тэмцэх үйл ажиллагааны эхлэл хэмээн үзэх болсныг Төрийн Зөвлөлийн мэдээллийн албанаас эмхэтгэн гаргасан “Ковид-19”-ын эсрэг тэмцлийн үйл ажиллагааны тухай “Цагаан ном”-д онцолжээ. Уханьд Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монголын ард түмнээс бэлэглэсэн 30 мянган хонь домог болтлоо яригдаж “Саахалт айлын санаа нэг” “Зовох цагт нөхрийн чанар” танигдана” гэдэг Монгол ардын хэлц үгийг мэдэх хүн ч олон болжээ.
“Чиний надад бэлэглэсэн 30000 хонь” гэсэн дууны үгийг Жөн пин бичиж дуучин Му сы ая оруулан өөрөө дуулсан нь хит болж байсан үе бий. Энэ дуунд:
“Чиний надад бэлэглэсэн 30000 хонь
Чиний надад өгсөн халуун дулаан илч
Чиний миний зовлонг аргадах
Энэ андын хайр сэтгэл хоногшино” хэмээн дуулдаг нь энэ үед сэтгэлд ургаж байлаа.
Тэгээд цайгаараа алдартай Уханьчууд Ерөнхийлөгчийн бэлгийн хариуд хөх тэнгэрийн Монгол орныг бэлгэдэн Хубэй мужийн амт чанар, бие махбодийг сэргээх ид шидээр хосгүй “Хөх цай” 30000-ийг тусгай зориулалтаар үйлдвэрлэн савлаж, гучин мянган хонийг бэлгэдсэн сувенирын хамт хүргүүлсэн түүхтэй. Ер нь энэ нутгийн алдарт цай, торго, шаазанг Ухань хотоос Монгол, Орос, Европ руу “Цайны зам”-аар гарган хүргэж байсан түүхэн уламжлал бий.
“Ухань бол баатарлаг түүхтэй хот, тиймээс “Баатар хот” гэж үзэж болно. Энэ нь 3500 жилийн түүхэнд дайн самуун, гал, усны гашуун зовлонтой олон удаа тэмцэж ирсний гэрч болохоос “Ковид-19” гэдэг аюулт өвчний эхний голомт болсон, түүнээс болж тогтоосон хатуу хорио цээр нэг ч хүнийг гэрээс нь гаргахгүйгээр 76 хоног үргэлжилсэнтэй холбоотой биш шүү” гэж хөтөч маань тайлбарлалаа. Энэ тухай дэлхий дахины хэвлэл мэдээлэл хангалттай шуугисан болохоор үүгээр хязгаарлаж Ухань хотын хөгжил дэвшилд та бүхний анхаарлыг хандуулъя.
УХАНЬ-ШИНЖЛЭХ УХААН, ИНОВАЦИЙН ТӨВ
Бид Ухань хотын Хүн дүрст роботын иновацийн төвд зочилсон юм. Энэ нь хүний хийдэг аливаа ажиллагааг робот хэрхэн орлон гүйцэтгэж болохыг туршин үйлдвэрлэлд аажмаар нэвтрүүлэх үүрэгтэй том төв юм. Хүн дүрст роботыг “Төмөр хүн” гэж нэрлэсэн ч болмоор, тэд ресторан, хоолны газрын ширээ цэвэрлэх, хоол зөөх, цай кофе аягалах, хүнд өвчтөнийг асрах, үйлдвэрлэлийн олон давтамжтай дамжлага дээр ажиллах, хил хамгаалах албанд үүрэг гүйцэтгэх… гээд үй түмэн ажлыг хүнийг орлон гүйцэтгэхэд “Суралцаж” байна. Хүн дүрст роботын бүхэл бүтэн “Хамтлаг” хөгжмийн аяар бүжиглэж үзүүлж байгааг яахав. Бидний буусан дөрвөн одтой Зочид буудлын зочдыг хүлээн авах хэсгийн шалыг хоёр робот/Хүн төрхтэй биш ч/ зөрж яван байнга цэвэрлэж чөлөө цагтаа тусгай зогсоолд гэрэл чийдэнгээ гялалзуулан “Амарч” байхыг бүтэн тав хоног харахаараа нэг болж бараг уйдсан даа.
Цааш нь “Жолоочгүй, бүрэн автомат удирдлагатай цахилгаан машин”-ы үйлдвэрлэл, туршилтын төвийн үйл ажиллагаатай танилцан гайхшрав. “Жолооч”-ийн ажил үүргийг бүрэн хэмнэнэ гэсэн үг. Бидний 10 сэтгүүлчийг дөрвөн машинд тарааж суулган аялууллаа. “Жолоочгүй машин” удирдлагын төвөөс өгсөн программын дагуу гудамжаар ердийн машинуудтай холилдон давхилдаж, замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлан хурдаа өөрөө тохируулах юм. “Жолоочгүй машин”-д суун замын хөдөлгөөнд оролцоно гэдэг аз туршсан хэрэг мэт санагдавч хэдэн км аялаад төвдөө эргэн иртэл өчүүхэн ч алдаа гаргаагүй шүү.
Жолоочгүй машин ямар ашигтай юм бэ гэж асуухад тус төвийхөн:
- Аюулгүй байдлын хувьд хамгийн баталгаатай, таксинд явлаа гэхэд иргэдэд үйлчлэхдээ жолоочийн орон тоог хэмнэнэ, бас үйлчлүүлэгчийнхээ нууцыг задруулах тухай ойлголт байхгүй, техник технологийн нэг гайхамшигт ололтыг хүн төрөлхтөн өөсдөө бүтээж, амт шимт, ашиг тусыг хүртэх мэдрэмж юм даа хэмээн хариулж байна лээ.
Ер нь бол хил хамгаалах алба, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд өргөн ашиглах боломжтой юм билээ. Ухань хотын “Агаарын метро” ч шинжлэх ухаан техникийн салбарын бас нэг том ололт, Хятад орны хэмжээнд анхных. Онгоцны цонхоор ажиглахуйяа өндөр бетон багана жирийтэл эгнэсэн харагдсан нь энэхүү агаарын замын тулгуур багана аж. Венесуэл, Варселон, Хятадад нэвтэрсэн энэ шинэ технологийг Оросын холбооны улс Москва хотод одоо л нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа мэдээ бий. 2023 онд ашиглалтад орсон 20 гаруй км үргэлжилсэн 10-12 метрийн өндөрт орших энэ том байгууламжаар 220 хүний багтаамжтай, цахилгаан галт тэрэг жолоочгүй, автомат удирдлагаар 60 км/цагийн хурдтайгаар өөр хоорондоо хэдхэн минутын зайтайгаар зорчино. Зорчигчидоо палхийтэл гайхшруулсан нэг зүйл нь эдгээр цахилгаан галт тэрэг нь тунгалаг шилэн шалтай, доош харахад доогуур хүн машин сүлжилдэж цэцэрлэгийн моддын орой тэр дор харагдана. Агаарын метрогоор нэг удаа зорчих тариф 39 юань. Уханьд ирсэн жуулчид, зочид агаарын метрогоор зорчин хотын хөгжил, дүр төрхтэй танилцан аялацгаах аж.
УХАНЬ-ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙН ӨЛГИЙ
УХАНЬЧУУД- ӨВ, СОЁЛОО ДЭЭДЛЭГЧИД
Уханьчуудын нандигнан хайрладаг, хол ойрын зочин гийчдийн сонирхлыг татдаг зүйл нь Ухань хотын олон мянган жилийн түүхийн өв соёл аж. Тэдгээрийн нэг болох Шар тогоруут цамхаг сүм нь 1800 жилийн өмнө баригдсан цагаас 27 удаа засварлагдсан бөгөөд хамгийн сүүлд 1981-1985 онд цэцэрлэгт хүрээлэнгийн хамт сэргээн засварласнаар жуулчдын урсгал энэ зүгт бүр ч эрчээ авсан гэдэг. Мин, Чин гүрний үед дайн самууны хөлд болон гал, усны гамшигт олонтоо өртөж байсан ч уран барилгын давтагдашгүй өнгө төрх, түүх соёл, уран зураг, чимэглэлийн алт, мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнээ өнөө хүртэл хадгалж ирсэн нь гайхалтай. Одоогоор жилд дотоод, гадаадын 25 сая орчим жуулчин энэ сүмийг үзэж сонирхдог гэсэн статистик бий. Тан гүрний үеийн Хятадын нэрт яруу найрагч Цүй Хао, Ли Бай нарын бүтээл Шар Тогоруут сүмтэй холбогддог. Ли Байн “Шийтгэгч түшмэл Чин Шар тогоруу асарт лимбэний аялгуу сонссон нь” хэмээх нэгэн шүлэгт:
“…Хэргэм буурч Чангшад цөллөгт очоод,
Өрнө хандан Чан Ань хотыг харавч гэр минь үзэгдсэнгүй.
Шар тогоруу асарт лимбэний аялгуу сонсохуй дор,
Мөрний хотын таван сарын тэргүүлэгч цэцэг хагдармуй..” гэж шүлэглэсэн байх бөгөөд Цүй Хаогийн энэхүү Шар тогорууны асар дээрээс нүдний өмнө зурайх үзэмжит байгалийг харахад шар тогоруу хөлөглөн алслах хувилгаан эхлэн бодогдоход дараа нь өөрийн алсад орших төрсөн нутгаа бодно гэсэн утга бүхий шүлгийг үзээд ихэд сэтгэл хөдөлж бийр янтайгаа шүүрсэн гэдэг.
Энэхүү шүлгийг Ли Бай найрагч Тан улсын Сүзун хааны Чианюаны тэргүүн онд Еэланы цөллөгөөс буцах замдаа Учаны (одоогийн Ухань хот) Шар тогоруу асарт бичсэн хэмээн үздэг. Хуанхэлэү буюу Шар тогоруут цамхаг сүм нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүх, соёлын үнэт дурсгал юм. Энэ цамхаг нь 9 давхар барилгатай тэнцэх 5 давхар сүм агаад ахмад настнууд шууд цахилгаан шатаар хамгийн дээд давхарт гарах боломжийг ч бүрдүүлсэн байх юм. Цамхагийн дээд давхарын тагтан дээр Ухань хотыг тольдон харах аварга дуран авайг байрлуулсан байх агаад Хөх мөрний мандалд хөвөх ачаа, хүн тээврийн том, жижиг хөлөг онгоцнууд, мөрний эрэг дагуух орчин үеийн уран барилгын гайхамшгийг илтгэх тэнгэр багандсан орд харшийг харахуйяа үлгэр домогт өгүүлэх гандирсын хот гэдэг ийм байх болов уу хэмээн санагдуулна.
Бидний зочилсон Хубэй мужийн музей нь баялаг, 240 мянган эд өлгийг дэлгэн үзүүлсэн үзмэртэй агаад тэнд Хөх мөрний сав газар 2400 гаруй жилийн өмнөх булшнаас олдсон Хонхот хөгжмийн зэмсэг үнэхээр содон үзмэр юм. Энэ хөгжмийн зэмсгийг “Жүн хөгжим” гээд байх шиг санагдсан. Сүйжөү хотод барилгын талбайн газар шорооны ажлын үеэр санамсаргүйгээр олдсон энэ хөгжмийн зэмсгийг эртний Төгөлдөр хуур гэж хэлмээр юмуу даа. Төгөлдөр хуур хөгжим үүсээд 300-400 жил болсон гэхээр энэ хөгжим 2000 гаруй жилээр өмнөхийх атлаа 5 хагас октавын цараатай дуугардгаараа Төгөлдөр хуурнаас илүү нь гайхамшигтай. Энэ хөгжим дангаараа асар том тайзыг дүүргэх бөгөөд нэг удаад 5-10 хүн зэрэг хөгжимдөнө. Хөгжмийг ерөнхийд нь харвал том, жижгээр нь эгнүүлсэн 65 хонх байх бөгөөд нэг хонх л гэхэд хоёр өөр аялгуу гаргана. Төгөлдөр хуурны хар, цагаан товчлуур шиг гэх юмуу даа. . Бүр аварга том хонхнуудыг бол мунаар түншиж, арай багаханыг алхаар цохиж, жижигхэнийг ёочингийнх шиг цохилуураар дуугаргах жишээний. Би хөгжмийн төсөөлөлгүй учир нарийн тайлбарлаж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Харин энэ “ЖҮН” гэх аварга том хөгжмийн зэмсгийн 30 минутын концертыг үзэгчиддээ энэ музей өргөн барьдаг юм билээ. Энд уул музейг үзэхээр хэдэн зуун мянган хүн дараалал үүсгэж хүн урсгал зайгүй хөвөрч багтаж ядан байгааг харахад тэд үүх түүх, өв соёлдоо хичнээн хайртай, тэр бүхнийг үзэж сонирхох, таньж мэдэхсэн гэсэн соёл, эрмэлзэл хичнээн өндөр түвшинд хүрснийг илтгэнэ.
Бид хөтөлбөр ёсоор өглөө эртлэн хурдан галт тэрэгний вокзалд хүрч очлоо. Хичнээн ч замтай юм бэ. Хурдан галт тэрэг ирийтэл эгнэчихсэн, толгой эргэм газар ёстой л түм түжигнэж бум бужигнаж байх шиг. Нийслэлээс 300 гаруй км зай дахь Эжөү хотыг хурдны цахилгаан галт тэргээр зорьлоо. Энэ унааны дээд хурд 450 км/цаг хүрсэн гэж хөтөч тайлбарласан. Үнэн байхаа, төдхөн л зорьсон газраа хүрчихсэн. Энд “Баову” групп ган хайлуулах үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. “Гангийн үйлдвэрт очино” гэхлээр халуун хайлмаг даргилан буцалж байх юм бодсон минь эндүүрэл аж. Энэ хүнд үйлдвэрээ даган байгуулагдсан Эжөү хот нэг сая гаруй хүнтэй, эко, ногоон хот юм.
Эхлээд тэд эрчим хүчний эх үүсвэрээ танилцууллаа. Эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. Эрчим хүчний өртгийг хямдруулах, байгаль орчинд ээлтэйгээр үйлдвэрлэлийг явуулах нь энэ том хамт олны эрхэм зорилго юм. Өртөг хямдруулах гол үндэс нь хаягдалгүй технологи юм. Нүүрс гэхэд ямар ч хаягдал гарах ёсгүй гэсэн зарчим баримталдаг, бүгдийг дахин ашигладаг, байгальд ээлтэй, эко, ногоон үйлдвэрлэлийн жишиг гэдгээрээ эднийх нэрд гарсан юм байна. 1953 онд байгуулагдсан энэ үйлдвэр өнөөгийн түвшинд бүх ажиллагаа автоматчилагдсан, хэдэн мянган компьютерийн дэлгэцээр бүх л дамжлага, үйл ажиллагааг хянан, гэмтэл, саатал гарвал цаг минут алдалгүй устгадаг юм байна. Хүнд үйлдвэр дотор явж байгаа сэтгэгдэл огт төрөхгүй, шинжлэх ухааны шинжилгээ судалгааны газар ч юмуу гэж бодогдохоор, асар том цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явах шиг сэтгэгдэл төрөх юм. Чухамхүү ногоон үйлдврлэл гэж энэ байх даа. Үйлдвэрлэлийн түүхий эдээ, тухайлвал хүдрээ хаанаас авдгийг сонирхоход зах зээлийн зарчмаар, Австрали ч юмуу хамгийн хямд газраас л авдаг, үйлдвэрлэлийн хаягдал огт гаргадаггүй болохоор байгаль орчинд хор хөнөөл учруулдаггүй юм байна. Үйлдвэрлэлийн технологийн усыг гэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаанд ашиглана. Хэдийгээр энэ нутаг цэвэр усны нөөцөөр арвин бүс нутаг ч гэлээ усыг зохистой ашиглах, дахин ашиглах технологи бүрэн нэвтэрсэн гэж байна. Үйлдвэрлэлийн цех тасагт нэвтрэх байтугай танилцуулгын явцад зураг хөрөг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрөхгүйгээ урьдчилан сануулсан.
УХАНЬ-ДЭЛХИЙН ЗАГВАРЫН ХОТ
УХАНЬ ХҮН-ЧИГЧ ШУЛУУН ЗАНТАЙ
Эргээд Ухань хотын сонин хачинаас үзсэн харснаа үргэлжлүүлэн сонирхуулъя. Ухань хот залуучуудын хот гэдгээрээ бахархдаг, 100 гаруй их, дээд сургуультай, тэдгээрт 1,4 сая оюутан суралцдаг, Шинжлэх ухааны байгууллага олноор төвлөрсөн тул тэнд Хятадын шинжлэх ухааны академийн 68 академич, дэлхийн Нобелийн шагналт 6 эрдэмтэн ажилладаг гээд боддоо. Ухань бол дэлхийн “Загварын нийслэл”-ээр шалгарч “Хотын иновацийн шагнал” хүртсэн Хятад улс дахь цор ганц хот гэдгээрээ, дэлхийн хамгийн урт гүүрнүүдийн 50 хувь, өндөр хурдны төмөр замын 60 хувийн зураг төслийг эндхийн инженер, архитекторчид хийсэн гэдгээрээ бахархахаас өөр аргагүй. Тиймээс ч Ухань хотод Гүүрийн байгууламжийн түүхийг өвөрмөц хэлбэрээр, орчин үеийн шинжлэх ухааны ололт, хиймэл оюун ухааныг ашиглан дэлгэн үзүүлсэн том музейг бид үзлээ. Музейн төв баганын дөрвөн талд “Гүүр” гэдэг үгийг орон, орны хэлээр товойлгон сийлсэн дотор монгол кирилл үсгээр “Гүүр” гэсэн бичээс ч тэнд байна. Энд гүүрэн байгууламжийн түүхийг үзүүлэхээс гадна хүүхэд багачуудад мэргэжлээ сонгоход нь туслан гүүр барих арга, технологи, инженерийн сэтгэлгээг хамгийн энгийнээс тоглоом, кино, 5D дүрс бичлэг ашиглан үзүүлэх сургалт ч явуулж байх юм.
Ухань хотыг “Зуун нуурын хот” гэдэг ч энд 100 байтугай 166 том, жижиг нуур бий, Тэдгээрийн нэг үзэсгэлэнт Дунху нуур аялал жуулчлалын нэг том бүс юм. Энэ нуурын эргээр тойрсон замын урт гэхэд 108 км. Машинаар 30 км/цагийн хурдтай тойрно гэвэл 4 цаг, унадаг дугуйгаар тойрвол 10 цаг, явган алхвал 2-3 өдөр зарцуулна гэнэ. Гадаадын хүндтэй зочдыг ч энэ үзэсгэлэнт нуурын үзэмж тансаг орчинд хүлээж авдгийн нэг баримт гэвэл 2018 онд Си жин пин дарга нь Энэтхэгийн Ерөнхий сайд Модитой энд уулзаж байсныг дурьдаж болох юм. Хятад улс удирдагчдынхаа үйл ажиллагааг дурсан мөнхжүүлэхэд их анхаардаг бололтой юм. 1957 оны долдугаар сарын 13-нд Ухань хотод Мао Зэдун дарга ирж буудалласныг дурсан сар болгоны энэ өдөр Ухань даяар бүх албан байгууллага тухайн сарын цалинг тавьж олгодог уламжлал тогтжээ.
Дунху нуурыг тойрсон ногоон зам бүхий ойг хүний хүчин зүйлээр бий болгосныг нь дэлхийн хэмжээний ногоон зам гэж үздэг. Эгц шулуухан цойлж ургадаг энэ нэгэн төрөл ойгоо “Ухань хотын сүлд мод” гэж нэрлэдэг. Яагаад сүлд мод болсны учрыг тодруулвал, Ухань хүн чигч шулуун, шударга зантай гэж Хятад орон даяар яригддаг, эндхийн хүн ардын шулуун шударга зангийн бэлгэдэл нь Дунху нуурын 108 км урт хөвөөг тойрсон ногоон замын эгц шулуун ургасан энэ ой мод ажээ.
Сэтгүүлч Сандагдоржийн ПҮРЭВСҮРЭН
Ухань-Мандалговь

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОТГОН ГАВЬЯАТ Б.НАСАНГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА БОЛЛОО

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА

ДЭЛХИЙГ “ЦОЧРООСОН” УХАНЬ ----------------------------------------------------------Аян замын тэмдэглэл

Ц.МӨНХБАТ: -ГОВИЙН БҮСИЙН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ, ТҮҮНИЙГ ДАГАСАН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН 19 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР АНГИЙНХНЫ 10 ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.