logo

ХУЛАНГИЙН ХОМООЛ "Говийн үнэрийг дэлхийд үнэртүүлнэ"

ХУЛАНГИЙН ХОМООЛ "Говийн үнэрийг дэлхийд үнэртүүлнэ"

 

 Сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН

            Өмнөговь аймгийн  үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн  борлуулдаг “Өмнөговьд үйлдвэрлэв” дэлгүүрт гоёмсог хайрцганд савласан зүйл “Хулангийн хомоол” гэсэн шошготой нь анхаарал татсан юм. Гэтэл тэндхийн овсгоотой үйлдвэрлэгч адууны болон хулангийн хомоолоор конуус хэлбэртэй “Үнэртүүлэгч” шахмал үйлдвэрлэн хайрцагласан нь  “Говийн үнэрийг дэлхийд үнэртүүлнэ” гэсэн уриатай аж. Тэгээд ч зогсохгүй говьд элбэг тааралдах хулан нь зэлүүд хээр, цөлөрхөг газраар нутаглан цавчаал усаар ундалж говийн ховор өвс ургамалын хамаг нандин, эмчилгээний шидтэй үндсийг цавчин ухаж иддэг учир хулангийн хомоолыг ардын  эмчилгээнд хэрэглэгчдэд зориулан тусгайлан савласан ч байна. Ардын эмчилгээг судлагчид адуу, хулангийн хомоолны шүүсийг элэгний өвчинг анагаах шидтэй гэж үздэг юм байна.

 

Гурваас  дээш жил болсон адуу, хулангийн  хомоолыг шатааж үнсийг нь буцалгаж уудаг. Шатаасан хомоолын үнс хэлбэрээ алдахгүй үнс болсон байвал гурваас дээш жил болсон хомоол гэж үздэг. 1 л усанд буцалгаж тунгаагаад өглөө ,өдөр, орой нэг нэг аяга уудаг. Бас үе мөчний үрэвслээс сэргийлж архитай хольж жин тавьдаг ч гэж ярьдаг.

Хулан адууны нэг төрөл учраас хивдэггүйг манай уншигчид сайн мэдэж байгаа байх. Тэр утгаараа идсэн өвс тэжээл нь хагас дутуу боловсрогдон тэр чигтээ шахуу хомоол болон гадагшилна. Түүнийг нь цагаан зээрээс өгсүүлээд аргаль, янгир зэрэг өвсөн тэжээлт амьтад цагийн хатууд олдоогүй шар тос адил “хүртэж” орхидог. Энэ нь малчид адууны хомоолыг бог малын идэш тэжээлд ашигладагтай утга нэг юм. Харин энд сонирхуулахад, эхээс төрөөд удаагүй хулангийн нялх унага нь өвсөнд орохынхоо өмнө сүргийнхээ нойтон хомоолоор хооллох нь бий. Үүнийг “хөөрхий, нялх унага өлссөндөө хомоол идэж байна” гэж ойлговол том эндүүрэл болно. Цөлийн ургамал байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд ургадаг учраас нялх унаганы ходоод боловсруулж чаддаггүй тул байгалийн зөнгөөр  хулангийн гэдсэнд “Боловсрогдсон”  өвс, ургамлаар хооллож буй нь тэр ажээ..  Дэлхийд тоологдсон хулангийн 90 гаруй хувь нь Монгол оронд байгаа гэхээр “Хулангийн хомоол” дэлхийд өөр хаанаас ч олдохгүй гэхэд болно. Тэгэхлээр яах аргагүй "Говийн үнэрийг дэлхийд үнэртүүлэх"-ээс яалтай.Хулан

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.