logo

100 ЦАГААН ТЭМЭЭНИЙ “ПАРАД”-ААР ЭХЭЛСЭН “ТЭНЭГЭР ГОВИЙН ТЭМЭЭЧИД-2025” БАЯР

100 ЦАГААН ТЭМЭЭНИЙ “ПАРАД”-ААР  ЭХЭЛСЭН  “ТЭНЭГЭР ГОВИЙН ТЭМЭЭЧИД-2025” БАЯР

/Баяр наадмын зочин-гэрэл зурагчдын бүтээлээс ашиглав/

Тэмээчдийн баяр

                100 цагаан тэмээний парад. Ямар гоё сонсдоно вэ? Энэ нутгаас, тодруулвал Дундговь аймгийн Өлзийт сумаас  төрсөн эгнэшгүй авьяастан, Ардын жүжигчин Нямын Дагийранз агсан 'Яриг цагаан ингэний сариг цагаан ботго"-оо "Манай эзэн баян хаан Гадаад далайн эзэн баян хаанд 1000 цагаан тэмээгээр бэлэг барих гээд 999 болчихоод яриг цагаан ингийг өгч сариг цагаан ботгыг үлдээв гэв гэнээ. Яриг цагаан ингэний Сариг цагаан ботго 1000 цагаан тэмээний эхэн, захан нь больюү..." гээд аялгуулан хуурддаг үлгэрийг үнэн болгон 100 цагаан тэмээний параадаар Өлзийт сум "Тэнэгэр говийн тэмээчид" уламжлалт баяраа нээжээ.  Энэхүү 100 цагаан тэмээ нь нэг л айлынх, тодруулвал, Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин, Монголын мал аж ахуйн академийн Хүндэт профессор Цагааны Долгормаагийнхных юм. Эдний 100 цагаан тэмээн дунд чандага шиг цав Цагаан тэмээ ч хэд хэд бий. Долгормаагийн ээж Жамбалын Цагаан  1997 онд хүрэн ингэнээс  нь эр Цагаан ботго гарснаар түүгээрээ эхний Цагаан буур тавьж, өнөө хүртэл Цагаан тэмээ өсгөн үржүүлж ирсэн аж.  Тэднийхийг нутаг усныхан нь  олон жилийн өмнөөс “Цагаан тэмээтийнх” гэж нэрлэх болсон байна. Үр хүүхэд, ах дүүсээрээ  нийлэхэд тэмээн сүрэг нь мянгаар тоологдох ч Цагаан тэмээний тоо ч зуугаар тогтохгүй олон гэнэ.  Ц.Долгормаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Цагаан тэмээ бэлгэдэл талаас нь ч, сүү цагаан идээ, ноос үс… гээд ашиг шим талаас нь  ч аваад үзсэн үнэ цэнтэй. Ингэний сүү эмчилгээний ид шидээрээ  зах зээлд үнэ хүрч, эрэл сурал болж байгаа бол цагаан ингэний сүү бүр ч илүү ач холбогдолтой гэж үздэг юм билээ” гэж ярьсан. 100 цагаан тэмээний парад. Ямар гоё сонсдоно вэ?

 Тэмээ Тэмээ"Цагаан тэмээ унасан эмэгтэй хүн говь нутгийн бэлгэ тэмдэг" гэж Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ далаад оны дундуур энэ сумаар аялсан тэмдэглэлд бичсэнчилэн цагаан тэмээгээ дээдэлсэн Өлзийтчүүд маань өргөн дэлгэр наадлаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэ баяр наадам эл нутгийн унаган хүү, Төрийн шагналт, СГЗ яруу найрагч Долгорын Нямаа агсны 50 гаруй жилийн өмнө бичсэн “Тэмээний уралдаан” шүлгээс харагдах вий...

“Телевизийн дэлгэц дээр

Тэмээний уралдаан гарав.

"Дундговь аймгийн Өлзийт сум” гэж

Дуу хуур уянгалав.

Өлзийт сумын нутаг

Өөш Манханы говь харагдав.

Хөнжлийн хөх уул

Хөндөлсөнхөн үзэгдэв.

Бууран тэмээт, Шар-Уул

Буурал Угалз, Цагаан суварга

Багын сайхан нутаг минь

Байгаа янзаараа харагдав.

Сумын төв үзэгдэнэ.

Сургууль, эмнэлэг харагдана.

Орчин үеийн загвартай

Орон сууцны байшингууд үзэгдэнэ

Тэгтэл

Тэнгэрийн хаяа алслан

Уралдаж яваа тэмээдийн бараа

Улам улам жижигрэн харагдав.

Зураг дүрс тодрон

Нэг нь нөгөөгөөр солигдож

Зуун тэмээний уралдаанд

Говь нутаг цэлийв.

Телевизийн дэлгэц дүүрэн

Тэмээний туулай хамар

Хоёр тунгалаг нүд

Холын их тэмүүлэл үзэгдэв.

Тэмээ тэмээнийхээ хойноос

Тэшин тэшин гарав.

Тэгшхэн талын зоон дээгүүр

Нисэн нисэн гарав.

Дөрвөн тавхай нь

Жирэлзэн жирэлзэн өнгөрөв.

Дөрөөн сэнж

Гялалзан гялалзан өнгөрөв.

Тэртээгийн уул

Хэвтэн налан өнгөрөв.

Тэмээчний жаалууд

Босон суун өнгөрөв.

Гэнэт тэггэл

Сумын төв гарч ирлээ.

Гэр майхан

Олон хүн гарч ирлээ…” хэмээн шүлэглэсэн байдаг даа. Энэ баярын үеэр  Тэмээчдийн зөвлөгөөн болж тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, тэмээний ашиг шим, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд үнэ хүргэж борлуулах шийдлийн талаар ярилцсаны зэрэгцээ  ат, тайлаг, тормон тэмээний ангиллаар уралдаан, “Тэмээчид дуулж байна” уралдаан, Буйл зорох, бурантаг, ногт томох ур чадварын шалгаруулалт,  тэмээн дээрээс шагай шүүрэх тэмцээн, сайхан буур, сүүтэй ингэ, Сайхан тэмээтэй ганган хосын  шалгаруулалт,  ингэн сүүний Цагаан идээний үзэсгэлэн худалдаа  боллоо. Энэхүү баярын үйл ажиллагааны талаарн ярьсан юм. Өлзийт сумын Засаг дарга Адьяадоржийн Жавхлан "Манай сум 50 гаруй жилийн өмнө тэмээн сүргээ 20000 толгойд хүргэж Монголын төрөөс алтан товхтой мөнгөн буйлаар шагнуулж байсан. Өнгөрөгч онд манай сум 100 жилийн ойгоо тэмдэглэсэн.  Энэхүү баярын  зорилго  залуу үед тэмээн соёлын өв уламжлалыг сурталчлах, улмаар тэдэнд өвлүүлэх, үе залгамжилсан залуу тэмээчдийг олшруулах, тэмээн сүргийн тоогоор улсдаа гуравт ордог энэ сумынхаа тэмээчдийг алдаршуулахад чиглэсэн, Энэ зорилгоо ч амжилттай биелүүлж  тэмээчдийн  тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцан тодорхой шийдэлд хүрлээ" хэмээн ярьлаа.ТэмээТэмээТэмээ

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.