“ДЭЛХИЙН ГАЙХАМШИГ-МОНГОЛЫН 33 ИХ ГОВЬ” ТӨСЛИЙН АНХНЫ АЯЛАЛ Гурван гавьяат зохиолчийн аян замын гурамсан тэмдэглэл-
НЭГ: Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Долгорын ЦЭНДЖАВ-ын тэмдэглэлээс
Их Монголын гучин гурван говийн Алтайн их уулын үзүүр, дундын тал хээр говийн өлгий Дундговь, Дорноговь, Өмнөговиор аяны дөрөө мулталж, тэмээн сүргийн бэлчирээр аялалаа. Юманд учир, суманд занги бий. Монголын маань их даяанд ихэр үгүйгээр гайхуулах бахархал бол яалтгүй говь, тэмээ хоёр билээ. Их 33 говь гэх содон хэллэг шүлэг яруу найраг, магтаал туурвил, номын хуудсаар дамжин хэлэгдсээр бараг албан ёсны шахуу нэршил бахархал болсныг захын хүн хэлнэ. Миний бодлоор бол цаана нь элбэг 33 дунд говь, 33 бага зэргэдийн говиор дутахгүй бас цаана нь элбэг 33 хэсэг, хэсэг говийн сум орон нутгаар нэр устайгаар хэлэгдэж бахархагддаг бизээ. Энэ Монголынхоо их говийг дэлхийд гаргах, их говийн заан хоёр бөхт тэмээгээ даянд алдаршуулах, түүний мөрөөр гадаадын аялагч, жуулчлагч, адал явдлыг хорхойсогчид шил даран цуврах алтан зам мөр гаргахад тус нэмэр болгохоор ,,МОНГОЛ ИХ ГОВЬ,,гэх толь ч гэмээр, сонирхолтой танин мэдэхүй ч гэмээр 7 доривтой том боть хийхээр шийдэж комисс байгуулагдсныг мэдээлэх нь эртдэхгүй болов уу? Ерөнхий редактор нь Монголын ШУА-ийн Ерөнхийлөгч, өнөөгийн УИХ-ын гишүүн Д. Рэгдэл ажиллах болохоор чанартай ном гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй бизээ. Холбооны Гүйцэтгэх захирал нь ботийн санааг гаргасан төдийгүй шинэ сортоотой юм, юмыг санаачилж, хийж бүтээх, бусдыгаа уриалж, сэрээж санасан нь л бол саадгүй биелүүлдэг бүтээгч сэтгэхүйтэй аж үйлдвэрийн гавьяат ажилтан бичиг номун хүмүүн О. Бяруузана гэх сэхээтэн билээ. Удирдах зөвлөлийн даргаар УИХ- ын гишүүн асан Н. Батцэрэг, гишүүн зөвлөхөөр Шадар сайд асан гавьяат хуульч Ц.Оюунбаатар ажиллаж, бүрэлдэхүүнд мэргэжлийн олон эрдэмтэн мэргэд оролцжээ.
Энэ удаагийн судалгааны бүрэлдэхүүнд зохиолч сэтгүүлч Д. Энхболд, яруу найрагч сэтгүүлч Дан.Нямаа нар оролцлоо. Аяллын талаар Нямаа маань говийн байгаль, тэмээ, тэмээчний тухай бүх зүйлийг багтаасны зэрэгцээ уран тод дүрслэл, эвлэг зөөлөн уянгын нийтлэл-эсээ хэлбэрээр бичсэн болохоор дахин давтах хэрэггүй гэж үзлээ.
Говийн гурван аймгаар цасгүй, газрын өнгө намраараа тэмээдийн өнгө зүс, өвдөг зогдор ярих юм алга, гуяалж ширээлж бөхөлсөнийг үгээр хэлэх аргагүй байлаа. Сүрэг сүргээрээ налайтал бэлчиж явааг гадаадын жуулчин биш юм, юм үзсэн монгол хүн ч биширмээр хайрламаар, халагламаар байлаа.Манайхан гадаадын аялал жуулчлалыг дан ганц зуны улирлаар л хардаг нь харамсалтай. Өвлийн аялал жуулчлалыг ГОВЬ руу чиглүүлмээр юмсанж…Буур орж зэнгэрлэсэн нь мөн ч сүртэй сайхан.Хааяа хавтгайн буур монгол буурын сүргээс ингийг ядах юмгүй салгадаг гэх ярианд итгэж ядав. Зэрлэг нь дийлдэг хорвоо…их хурдан хөлтэй төл гардаг учир ингэж эрлийзэхэд уралдаанд түрүү барианд ордог юм гэнэ. Алсдаа эрлийз морь гэдэг шиг, эрлийз тэмээ уралдуулахгүй гэж маргалдах ажил гарах болов уу? Тэмээн сүрэгт ойртоход өөдөөс халуу дүүгэх шиг болж, удаанаар харж зогсмоор байлаа. Тэмээний нүд тэнгис мэт…мөн ч номхон амгалан уул нуруу шиг түшигтэй сайхан амьтан…Завтай болоод цагтайсан бол Галбын говь, Борзонгийн говиор жонжуулмаар санагдлаа.
Усаар гачигдана уу? Гэхээс багалуур, бударгана, шаваг, агь гашуун, бүйлс хуйрага, харгана, бут, дэрс тааны сөлөөр дутах юм алга.Өнгөрөгч зун лус хангай говийн гурван аймгийг ивээж, тэнгэр хураа ивээж, дэлхий дэлэгнэжээ. Говьд мөсний баяр болж байсныг би л лав дуулаагүй. Тэртээх Өвөрийн хангайгаас эх авч Дундговийн Сайхан-Овоогийн захаар Онгийн гол 400 гаруй километрийн цаанаас сав дүүрэн халгиж, улаан сайр болж шороо тоос босдог байсан Улаан нуурт халгин цалгин цутгаж дүүрчээ. Хар хил,агаан хил ч тогтож…Урд өмнө танай Улаан нуур хаана байна гэж жолоочоос асуухад ,,Та бид хоёр нууран дээгүүрээ тоос татуулж явна,, гэж билээ.
1000 тэмээтэй Баясах, Галбадрах гэх айлууд тааралдаж хоноглов. Өлзийт сумын тэмээчин Бадамсамбуугийн өвөлжөөнд хууч хөөрөхөд ХААИС-ийн профессор Долгормаа тэмээний аж ахуйн нэвтэрхий толь юм. Эрдэмтдээс дутахгүй шилдэгийн шилдэг малчдад профессор цол олгодог нь мал маллах арга, мал дагасан нүүдэлчний ухаан, соёлын өв уламжлалыг хадгалан өвлүүлэхэд чухагаас чухаг юм байна. Судалгааны багийнхан бид говь,тал, хээр хэцээр олон алдартай тэмээчидтэй шөнөжин,өдөржин хуучилж ганзага дүүрэн олз омогтой ирлээ.
2025. 01. 20
ХОЁР: Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржзовдын ЭНХБОЛДЫН тэмдэглэлээс…
Бид Өөш Манханаад довтолгосоор Өлзийт сумын малчин Бадамсамбуугийнд очлоо. Мянгатууд гэж ямар айл байдаг билээ тийм л нуугисан айл байна. Мянгат хэмээх алдар хүндийг ажилсаг зан чанар нь хүртээдэг учир нуугиж шуугиж байхаас ч яахав. Эхнэр Ц. Долгормаа нь ХААИС-ийн профессор цолтой аварга малчин байна. Буур хараахан ороогүй шавж эхлээгүй, хушуу нь л хөөсөндөө цайрсан харагдана. Говь дулаахан л байгаагийн бэлээхэн шинж юм даа. Яриа хөөрөөн дунд
-Арваад бууртай гэх нь дуулдахуй
-Айл хүсвэл буурынхаа тоог хэлдэг хэлэхгүй бол тэмээнийх нь тоо толгойг асуугаад байвал дургүйцдэг гэсэн өвгийнхөө үгийг санаж суулаа.
-Хоёр гурван бууртай тэмээгээ хураагаад ирвэл олон тэмээний зураг авахад сүртэй сайхан зураг авалт болно доо гэсэн зураглаачийн маань хүсэл харин биелсэнгүй.
-Хэдийгээр бүрэн ороогүй ч цаад хэд чинь цуглавал ноцолдоод сүйд хийнэ гэсэн хариу дуулдахуй дор бууртай тэмээгээ айлын бууртай тэмээ рүү хөөж аваачаад буураа ноцолдуулж асан нялх бага нас минь шувуу үргэн дэрхийх шиг сэтгэлд минь шуугиад л нисч байна билээ. Говь нутаг салхи шуурга ихтэй, түүнээ дагаад шороо түйрэн их босдог төвөг нөсөө багагүй учирдаг болохоор миний мэдэхийн л байшин баримтгай улс даа. Эд юмны олдоц, тухайн үеийн нөхцөл байдлаас болж бидний багад хүмүүс хоёроос гурван метрийн урттай метр хагас өргөнтэй амбаар баримтгайсан. Түүндээ өвлийн идэш, хаврын борц, олдоцтой үед нөөцөлсөн ганц хоёр шуудай гурил, нялх ботгонд зориулах тэжээл сэлтээ хадгална. Түйрэн орохгүй нүх сүв үгүйн учир нөгөө сүрхий байшингаа эсгий, хулдаас гээд л олдсон зүйлээрээ гайгүй сайн битүүлж доторлоно. Өнөө үед энэ байдал өөрчлөгджээ. Бадамсамбуугийнх дүнжгэр сайхан байшин барьчихсан тохиног суудаг айлсанж. Үдэш нь Өлзийт сумын уран сайханчид ирж дуулж хуурдлаа. Дундговийн Өлзийт дуучид хуурчдаараа хэзээний алдартай. Ардын жүжигчин Дашпэлжээ, Нэргүй гээд л нэгэн гэр бүлийг бид анддаггүйн адил араас нь залгаж гарч ирсэн гавъяат жүжигчин Чулуунцэцэгийн эгч дүүс, Магнаг цэнхэр дэлхий минийх ээ гээд л уянгалуулж яваа охиныг нь ч бид мөн андахгүй. Сумынхан ч тэднээс ер дутахгүй авъяастнууд аж. Арга ч үгүйдээ тэднийг бойжуулсан өлгий нь шүү дээ. Гуч дөчин хүн цуглаад бужигнаж байхад Бадамсамбуугийн дүнхгэр байшин ер давчидсан шинжгүй хэнэггүйхэн байх нь иймэрхүү үдэш олныг үзэж өнгөрөөсөн шинж бэлээхэн аж. Говь нутгийнхан маань ингэж л амьдарч, аж төрж байна даа. Төд удалгүй хээрийн гүн аварга тэмээчний хотны захад загийн гал дүрэлзэж галын наадам хийцгээлээ. Галын наадам хэрхэн болсон тухай МАЛЧИН телевиз өнгөтөөр үзүүлэх тул би энд хар агаан дүрсээр олныг нуршихаа товчлоё. Амьсгал нь нуугиж мэдрэгдэх олон тэмээдийг нь ажлаа агаан цайвар өнгө сүлсэн, сайхан улаан хонгор тэмээдтэй айл байнаа. Ёстой л өнгө зүс нийлж гунхсан олон залуу гунж сониуч харц дүрлэгнүүлсэн сүрэгтэй айл байна Бадамсамбуу тэмээчнийх. Зүс нийлээд ирэхээрээ сүрэг сүртэй сайхан ч болдог, өсөж үржээд тал дүүрдэг өнө эртний номтой доо.
Тийн бужигнаж бужигначихаад бид Бадамсамбуу, Долгормаа нартаа, үр хүүхдүүдэд нь амьдралын сайн сайхныг хүсч ерөөгөөд улсын арслан Дэмүүл, Нанзад баатар нарын нутаг Манлай сум руу малгай дээр гялалзах оддын туяагаар замчлуулан довтолгосон бөлгөө.
За тэгээд бид хэд тэмээчин Бадамсамбуугийнхаас гараад сумын дарга нарын урьснаар Өлзийт сумын тохилог зочид буудалд хоног уривай. Бадамсамбуугийнд Белуга нэрт морин шилт чилээгээд мордохын босгонд Мандалговь хотоос бидэнтэй уулзахаар зорьж ирсэн Бямбасүрэн гуай нэг том хайрцагтай зүйл өгсөн юм. Буудалд ирээд хайрцгийг нээж үзвэл Бадамсамбуугийнд хүртсэний ихэр баймаар морин шилтэй Белуга байна. Тавь тавин грамм хүртэцгээгээд өвгөн ахын хишгийн хагаст Шар цавын нар үзүүлж салхинд нь амсуулна хэмээн хойш тавьж сүүдрийг маань нар болгон хамт тоглодог зүүднийхээ ертөнц рүү яарцгаавай. Өглөөн нарнаар сайхан кофе ууцгааж, авч явсан аяга сав суулгадаа халуун кофе нөөцөлж аваад хөдөлцгөөлөө. Багаас өвөрт нь тоглож өссөн говь нутгийн маань бор толгод өндөлзөн өндөлзөн тосоод Санфранцискогийн рангаараа дэлхийд нэгд жагсдаг оркестор дэлхийн ямарч хөгжмийн зохиолч хараахан бичиж амжаагүй байгаа говь симфони сюит тоглож өгөөд удирдаач нь бидэн өөд толгой дохин мэхийх шиг зэрэгцэж ирээд ард үлдэнэ. Шар цав бол бид амилуулж чадвал дэлхийтэй өөрөө хэл нэвтрэлцээд сая сая жуулчин хөнгөхөөн татаад ирэх Силур, Девон, Цэрдийн галавыг хадгалаад үлдчихсэн нөөц нутаг билээ. Миний Төгөлдөр нэрт романд хайгуулч инженер Төгөлдөр дээд дарга нарынхаа даалгавараар Их Алтат хэмээх уулын кварцын судлуудыг хайр найргүй нэгжээд алт олсонгүй. Гайхаад явж байтал холгүйхэн байх Шар шороот хэмээх газар анхаарлыг нь татаж яагаад ингэж нэрлээ юм бол гэж бодоод хэсэг шар шороо ууталж яваад угаагаад үзтэл үйрмэг алт тахианы хонуураас бүргэд гараад нисчих шиг гарч ирээд өвөг дээдсийн суу ухааныг биширч Их Алтатад алтны илэрц байна. Гэвч ШУ-ны өнөөгийн түвшинд хайгуулаар нөөц тогтоох боломжгүй гэсэн тайлан бичээд Шар шороотыг тас нуугаад өнгөрдөг хэсэг байдгийг санан санан явлаа. Шар цавд алт байхгүй ч дэргэдхэн нь байх Оюутолгой, Хармагтайн ордоос дутахгүй баялаг байгаа нь Силурын галавын диплодок хэмээх 70-80 т жинтэй байсан хэмээн таамаглаж байгаа өвсөн тэжээлтээс авахуулаад Цэрдийн галавыг аймшигт дуугаараа өнөө ч олон сүүдэр шийд амилуулж яваа тренозаврын амьд халуун мөрүүд юм. Шар цавыг бид амилуулах ёстой. Яаж гээч…Миний хувьд Цин-Ши-Хуандигийн үед хийгдсэн гэх олон баатар эрсийн баримлууд газар дороос гэнэт гараад ирсэн гэдэгт жаахан инээд хүрч хүлээж авдаг хүн л дээ. Гэхдээ очиж үзмээр санагдахыг яана. Яг над шиг инээд нь жаахан хүрэвч Шар цавд ирэх хорхойг нь асаах бодит хийгээд, үлгэрийн ертөнц хоёрын амьд холбоо түүхийг бид Шар цавд бүтээх хэрэгтэй. Товчхондоо Шар цавд мөр үзчихээд, Баян заг руу дэржигнүүлж дэржигнүүлж очоод Эндрюс тэгсэн ингэсэн гэж сонсчихоод Нэмэгт рүү гурав дөрвөн зуун километр сэгсчүүлдэг биш бүгдийг Шар цавд ирж үзээд Говийн гайхамшгийг биширдэг байх тэр ертөнцийн тухай мөрөөдлөө ярьж буйг минь зөвөөр ойлгоорой. Иймэрхүү мөрөөдөл амилуулах амьд ертөнцөөр говь баян даа баян бүр дэндүү баян.
2025-01-22.
ГУРАВ:Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Данзангийн НЯМААГИЙН тэмдэглэлээс
1.
Тэнгэрийн одод юутай тод гялалзана вэ? Цэнхэр дэвсгэр дээр нь өөш манхны говийн толгод зээг татан тодроно. Тэмээд амгаланаа хивэн зогсоно, тэр зүгээс бүлээн оргино. Найрагч Долгорын Нямаагийн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Бадамсамбуугийн өвөлжөөнд өвлийг адаг сарын шинийн арван долооны үдэш гадаа зогсном, би. Эднийх Загийн усны говьд өвөлжиж байна, гэргий нь ХААИС-ийн профессор Цагааны Долгормаа орсон гарсанд цай ундтай бүсгүй байна. Малчдад дээд мэргэжилийн диплом,эрдмийн цол олгодог болсон нь олон жилийн өмнөөс билээ. Долгорын Нямаа найрагчийн нутгийн тэнгэр тунаранхан хөхрөх ажу, төрсөн нутагт чинь хөл тавилаа гэж долоон бурхан одны доор залбирч зогслоо. Сар тэргэл дүүрчээ.Ингэний цэнхэр хэмээх нэрмэлд үл ялиг халамцан энгэр юугаа яран нэр нэгт аугаа их найрагчаа зүрхэн гүнээсээ дурсав. Одод гар хүрч болмоор ойрхон санж. Ийм нутагт төрсөн найрагч “Оддын дунд ижлээ олсон юм шиг шөнийн талд адуу янцгаана” гэж бичихээс яах вэ? Гэрт хүмүүс инээлдэх нь сонсогдоно. Хууч яриа, дуу шүлэгтэй энэ хөгжилтэй инээд Өмнөговь аймгийн Манлай сумын мянгат тэмээчин Галбадрахынд ч ,Мандал-Овоо сумын тэмээчин Баясахынд ч, Булган сумын тэмээчин Бямбадоржийнд ч, Ханбогд сумын засаг даргын албыг гуч гаран жил хашсан, нутаг орныхоо домог хуучийг яруу сайхнаар хүүрнэгч Буянтогтохынд ч, Мандалговь хотод “Онгийн гол” магтаалаа бидэнд уншсан өндөр настан Бямбадоржийнд ч үргэлжилж байсныг дурсахад юутай сайхан бэ?
2.
Дэмчогийн хийдээр дайрч, Равжаа хутагттаа залбиран, “Үлэмжийн чанар” дууг аялалын багаараа дуулав. Энэ хийдийн өмнө “Үлэмжийн чанар” дууны хөшөөг нэгэн насаа хоёр бөхт тэмээгээ дэлхий даяарт алдаршуулах үйлсэд зориулж яваа шадар сайд асан Оюунбаатар 2007 онд босгосон юм, тэр сайхан үйлсийн цуурайд шүлгэн хадаг өргөж, тэнгэрт нумарсан солонгын үзүүр дээр гишгэн доорхи бадгийг уншиж явсан минь хориод жилээр алсарчээ.
Дэмчогийн хийдэд нартай бороо зүсэрмүй
Тэргүүндээ улаан алчуур зангидаж
Тэмээн унан жонжуулсан үзэсгэлэнт бүсгүй тодормуй,
Тэр л ариун зүгээс лимбийн аялгуу эгшиглэмүй
Дэмчогийн хийдэд нартай бороо зүсэрмүй
Дэмчогийн хийдэд давхар солонго татмуй
Тэнгэр лус инээмсэглэнхэн баясмуй
Хутагт Равжаагийн “Үлэмжийн чанар төгөлдөр”
Хувьт олны сэтгэлээс зээ татан шуранхайлмуй
Дэмчигийн хийдэд давхар солонго татмуй
Дэмчогийн хийдэд ариун бурхад залармуй
Дээд гурван орны алтан хаалга нээгдмүй
Уншлага номын арвис буян хурж
Утай таван Богдод залбирал дуун хүрмүй
Дэмчогийн хийдэд ариун бурхад залармуй
3.
Шар цавын үлэг гүрвэлийн музейд зочиллоо. Эрт галавын цаг хугацаанд хоромхоноо саатлаа. Үлэг гүрвэлийн мөрийг хамгаалалтанд авчээ.Аялагч жуулчдад зориулсан энэ музей эргэх дөрвөн цагт үүдээ зочдодоо дэлгэсээр байдаг ажу. Говь тэр чигээрээ үзмэр музей мөн бүлгээ.
Аялалын цөөн хоногт “Улаан нуурын мөсний баяр” таарав шүү. Өмнөговь аймгийнхан энэ баяртаа дөрвөн зүг найман зовхисоос цугларчээ. Дуу хуур,бүжиг наадам,баяр цэнгүүнийн уриа цууриа говь талаар дэгдэнэ. “Мөсний сумо” гэсэн нэр томьёо сонин содон сонсогдохоо больжээ. Улаан нуурын хөвөөн дээр биднийг идэш ууш, идээ цагаагаар дайлсан тэмээчин Баясахын эхнэр Отгон энэхүү сумо барилдаанд хоёр ч давчихаад байсан тул бид тэр бүсгүйд түрүүлэхийн ерөөл өргөж, тэрбээр бидний араас сүү өргөн үдсэн юм.
Улаан нуур минь энэ жил өмнөх жилүүдээсээ илүүгээр халин дүүрчээ.“Улаан нуурын мөсний баяр”-аа говийнхон жуулчдыг татах бас нэгэн арга ухаан болгожээ. Онги гол тасарч, Улаан нуур ширгэж байсан тэр цаг бүү давтагдаасай, байгалиа хайрлах хүмүүний хайрын үндэс соёо бүү хагдраасай.
4.
Бидний аялалын багийнхан зүгээр ч нэг говиор аялаж, тэмээчдийнхээр бууж мордоогүй юм. Бид бол “Дэлхийн гайхамшиг-Монголын гучин гурван их говь" төслийн багийнхан болой.Их говийн тухай 7 боть ном бүтээх зорилготой хамт олон билээ.Тийм учраас төсөл санаачлагчдын нэг, Худалдааны гавьяат ажилтан, хүүхдийн зохиолч Бяруузана дэвтэр үзэг хоёроосоо гар салгалгүй үгийн сувд хэлхэж явав. басхүү энэ төслийг санаачлагчдын нэг шадар сайд асан Оюунбаатар Ерөнхийлэгчийн ивээл доор энэ 2025 оны 12-р сарын 06-нд болох 1206 тэмээний уралдааны тухай зар мэдээгээ түгээж, шилдэг оролцогч тэмээчдэд гардуулах шагнал урамшуулалын багцаа өөрийн биеэр танилцуулж, уралдаанд зориулж гаргасан сонин сэтгүүлээ гардуулж явсан болой.Аймаг,сум орон нутгийн удирдлага болон алдарт тэмээчид ч энэхүү наадмын тухай мэдээг тун ч баяртайгаар хүлээн авч байв.
Өвлийн тэмээний наадам дэлхийн жуулчдыг татах уламжлалт баяр болох нь гарцаагүй бүлгээ. Хонгор нутгийн хоёр мянгат тэмээчдээс эхлээд хол ойрын аймаг сумдын бүх тэмээчид оролцох буй за.
Энэхүү аялалын оролцогч Малчин телевизийн продюсор Энхжаргал, зураглаач Дашбямба нарын ажлаа амжуулж буйг хараад залуу сэтгүүлч явсан үеэ эрхгүй дурсав.
Дархан хотын ерөнхий шүүгч явсан, хуульч Амарсанаа дэлхийн алдарт аялагчид монгол нутгаар аялахдаа тэрлэсэн тэмдэглэлийн тухай хууч хөөрөхөд нь бахдан биширч явав. Аян замын амттай хууч чухам тэр байв.
Аялалын замаа эвхэх нэгэн өглөөгүүр говь нутгийн зохиолч До.Цэнджав, Доржзовдын Энхболд хоёр надад “монгол шар далан” хэмээх амтат ургамалын тухай ярьж, гоёо идүүлж билээ, яг тэр үед говийн нар мандаж байв, говийн нар мандах хичнээн гоё гэх вэ? Амьддаа хүн заавал харах ёстой нэг үзэсгэлэн бол говийн нар мандах агшин мөнөөсөө мөн.Хоёр андынхаа надад танилцуулсан “монгол шар далан”-д зориулж таталсан дөрвөн мөртөөр энэхүү бичилхэн тэмдэглэлээ хашму.
Говь цөлөөр мөлхсөн- “Монгол шар далан”
Горь хүслээ хэлхсэн - “цагаан дөлт галан”
Ооно шаргачин хоёр- хувааж иддэг “бал”-ан
Одоо хүртэл бичээгүй нь шүлэгч миний салан
2025. 01.15- 19. Өөш манхан, Дэмчогийн хийд, Шар цав
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.