"ДЭЛХИЙН ГАЙХАМШИГ МОНГОЛЫН 33 ИХ ГОВЬ" ТӨСӨЛ ЗАГИЙН УСНЫ ГОВИОС ЭХЭЛЛЭЭ
Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
“Дэлхийн гайхамшиг-Монголын гучин гурван их говь" төслийн баг бүрэлдэхүүн эхнийхээ аяллыг Дундговь аймгийн Өлзийт сум, Загийн усны их говиос өчигдөр эхэллээ. Найман цуврал аяллын эхнийх болох энэ удаагийн аяллын бүрэлдүүнд төслийг санаачлагч, Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, яруу найрагч О.Бяруузана, УИХ-ын гишүүн асан, Гавьяат хуульч Ц.Оюунбаатар, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлэн, зохиолч До.Цэнджав, Дан.Нямаа, Д.Энхболд нарын гурван гавьяат, Хуульч Л.Амарсанаа нар болон “Малчин” телевизийн сурвалжлагын баг багтжээ. . Төслийг хэрэгжүүлэх багт УИХ-ын гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн асан, Гавьяат багш В.Алзахгүй, төр, нийгмийн зүтгэлтэн Н.Батцэрэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч,яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын зэрэг нийгэмд танигдсан хориод эрдэмтэн, судлаач, төр-нийгмийн зүтгэлтэн, зохиолч яруу найрагчид орсон гэдгийг дурьдахад таатай байна.
Тус төслийн хүрээнд “Дэлхийн гайхамшиг- хүн төрөлхтний бахархал” Монголын гучин гурван их говь гэж алдаршсан Монгол говио гадаад, дотоодод танин мэдэхүйн эргэлтэнд оруулж унаган төрхөөр нь хамгаалах,
- Их говийнхны өвөрмөц амьдрал, соёл, зан заншил, мэргэдийн цэцэлсэн шастир, сэтгэлгээнйи гайхалтай чадвар, хүмүүний нөхөрсөг харилцааг тодотгон харуулах, мухар сүсэг, сэжиг таамгийг эртний танин мэдэхүйн нууцлаг чанаруудаас ялгаж говьчуудын сэтгэлгээний үнэт зүйлсийг дэмжиж, олон улсын хэмжээнд сурталчлах юм.
Төсөл хэрэгжсэнээр 7 боть ном, баримтат цуврал кино бүтээх аж. .
Төслийн энэ баг бүрэлдэхүүн тэмээн сүргийн тоогоор аймагтаа нэгд, улсдаа дөрөвт ордог Өлзийт суманд зочилж тэмээчдийн ажил, амьдралын төлөөлөл болгон Мал аж ахуйн ухааны профессор эмэгтэй Цагааны Долгормаа, хань Батсуурийн Бадамсамбуу нарын тэмээн сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлж ирсэн арга ажиллагаатай танилцсан юм. Тэднийх 170 гаруй тэмээтэй, жилийн дөрвөн улиралд ингээ сааж сүү, цагаан идээг боловсруулан амьдрал ахуйгаа дэгжээх, үр хүүхдээ эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлэх эдийн засгийн эх сурвалж болгосны үр шимийг үзэж сайн сайхан амьдарч байгаагаа бахдан ярьж “Тэмээ тэнгэрлэг амьтан учир ган, зудад тэсвэртэй, уналга, ачилганы эдэлгээ сайн даадаг эзэндээ ээлтэй”-г онцолж байлаа.
Аяллынхан говийн шөнө, өвлийн тэнгэр дор тэмээн сүргийн бэлчээрт загийн задгай галын илчинд дулаацан говь нутгийн тэмээчидтэй хүүрнэлдэж, сумын Соёлын төвийнхөн урлагийн тоглолтоо үзүүлж, хөгжмийн багш н.Ууганбаяр “Уулган шарын домог”-ийг аялгуулан хуурдаж яруу найрагч малчид тэмээний тухай бичсэн шүлгээрээ мялаалга өргөв.
Төслийн багийн гишүүн, ардын билэг зүйч Г.Бямбасүрэн Өлзийт сум дахь аяллыг олон сонирхолтой сюрпризтэй, төслийн зорилгод яв цав нийцсэн хөтөлбөртэйгээр сумын залуу удирдлагатай хамтран чадварлаг зохион байгуулсныг ирсэн зочид сайшаан тэмдэглэж байлаа.
Тэд маргааш нь Монголын 33 их говийн нэг-Загийн усны говийг зорьсон юм. Загийн усны говь нь Дундговь, Өмнөговь аймгийн хилийн зурвас дагуу 60 гаруй км үргэлжилсэн заган шугуй бүхий их говь-тэмээний орон юм. Энэ их говьд жараад онд тэмээчдийн Социалист хөдөлмөрийн анхны бригад байгуулагдаж, тэмээчин баатар Дүнжмаагийн Цэнд энэ их говиос амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж, далаад оны сүүлчээр өнөөгийн Монгол улсын Гавьяат жүжигчин Цэрэнгийн Чулуунцэцэг сумын дунд сургуулиа төгссөн анги хамт олноороо энэ их говьд тэмээчин болж байсан түүхтэй, мөн тэр үед хангайн аймгуудаас зохион байгуулалттай элсэлтээр ирсэн малчид энэ их говьд тэмээчин болсноор үе залгамжилсан сайн тэмээчид төрж, тэдний үр сад өнөө ч энэ их говьдоо тэмээн сүргээ өсгөн үржүүлж яваа юм.
Монголын 370 шахам томоохон говь байдаг ч тэдгээрээс онцолсон 33 их говь найман аймгийн нутаг дэвсгэрийг эзлэн оршдог,.
НҮБ-аас 2025 оныг "Тэмээ хамгаалах жил" болгон дэлхий нийтийн анхааралд хоёр бөхт тэмээ ороод байгаатай энэхүү төсөл ч ийнхүү уялдаж байна.
Гэрэл зургуудыг С.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.