“СҮҮ” ХӨТӨЛБӨР ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖЛЭН ХЭРЭГЖИЖ ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сэтгүүлч С.Пүрэвсүрэн
“Сүү” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг анх Дундговь аймгийн тухайн үеийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат санаачилж, түүний баг, хамт олон анхны жил аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид, хоёр дахь жилээс цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг нэмж энэ хөтөлбөрт хамруулан гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэ нь хэн нэгний санаанд орсон төдийд сэдсэн биш олон улсын байгууллагаас тус аймагт хийсэн судалгааны үр дүнд үндэслэн олон талаас нь бодож боловсруулсан хөтөлбөр юм. Тухайлвал, Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагаас “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг БШУЯ, ЭМЯ, МХЕГ, ХХААХҮЯ, ШУТИС-тай хамтран 2021 оны 11 сараас 2025 оны 9 сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж энэ төсөлд Дундговь аймгийн “Говийн Ирээдүй”, “Мандал” сургуулийг сонгон төсөлд хамруулсан юм.
Уг төслийн хүрээнд 2, 4-р ангийн сурагчдаас түүврээр давхардсан тоогоор 161 хүүхдээс цусны шинжилгээ болон эцэг эх, асран хамгаалагч, сурагчдаас 24 цагийн эргэн санах асуумж судалгааг 2 удаа авсан. Хоёр удаагийн судалгааны үр дүнд хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага, үүнээс үүдэн кальци, Д аминдэмийн дутагдал, ясны сийрэгжилттэй байна гэсэн дүгнэлт гарсан нь “СҮҮ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болжээ.
Энэ хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчдыг эрүүл аюулгүй, шим тэжээллэг сүүгээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, кальци, Д аминдэмийн дутагдалыг нөхөх, улмаар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь дэмжих явдал билээ..
Ингэхдээ сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурласан, үйлдвэрийн аргаар ариутгаж бэлтгэсэн эрүүл, аюулгүй сүүгээр хангах хангамжийн тогтолцоог бүрдүүлэх, Эрүүл аюулгүй, шим тэжээллэг сүүгээр үйлчилж суралцагчийн сүү, сүүн бүтээгдэхүүний өдөрт хэрэглэх хэмжээг нэмэгдүүлэх, эрдэс, аминдэмийн дутагдлыг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр дамжуулан боловсролын үйлчилгээнд оролцогч талуудын хоол, шим тэжээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар хэрэгжүүлнэ гэдгийг хөтөлбөрт зааж өгсөн байна.
Ингээд 2023 оны намар Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтээр аймгийн 18 сургуульд “Сүү” хөтөлбөрийн нээлтийг нэгэн зэрэг хийжээ.
Энэ хөтөлбөрөөр аймгийн хэмжээний 1-5 дугаар ангийн 167 бүлгийн 4457 хүүхдэд долоо хоног бүрийн хичээлтэй 5 өдрийн гуравт нь үдийн цайны үеэр 120 грамм сүү өгч эхэлсэн юм. Энэ гурван өдрийн сүүний санхүүжилтийг нэг өдрийнхийг аймгийн Засаг даргын, нэг өдрийнхийг тухайн сумыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж нэг өдрийн сүүний үнийг эцэг эх хариуцаж байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэн эхний жилд аймгийн Засаг даргын нөөцөөс 76 сая, 15 сумын Засаг даргын нөөцөөс нийт 76 сая төгрөг энэ хөтөлбөрт зориулагдсан бол нэг хүүхдийн эцэг эх гэхэд жилдээ 24700 төгрөг гаргасан дүн мэдээлэл бий.
Эцэг эх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажиллагсдын саналыг үндэслэн хоёр дахь жилээс аймгийн хэмжээний 22 цэцэрлэгийн нийт 3550 хүүхдийг “Сүү” хөтөлбөрт хамруулан өдөрт 60 грамм сүү өгч эхэлсэн юм. Одоо уул хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж 2025 оны 2 дугаар сарын 1-нээс дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулж эхэллээ.
Энэ хөтөлбөр нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын бие бялдрын өсөлт, эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ болохыг төр, засгийн удирдлагаас үнэлж цаашид орон даяар хэрэгжүүлүүштэй санал санаачилга гэж үзсэн, одоо ч уул хөтөлбөр амжилттай үргэлжлэн хэрэгжиж байгаа билээ. Тиймээс ч 2024 оноос Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл бий.
Харин сүүлийн үед энэ хөтөлбөрийг хэн нэгний бизнес болов уу гэж хардах, үйлдвэрийн аргаар боловсруулж савласан сүүг шимт тэжээл муу, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх мэт огт үндэслэлгүй, ямар ч баримтгүй мэдээллийг зарим иргэний зүгээс олон нийтийн сүлжээнд тавьж уул хөтөлбөрийг зогсоохыг шаардсан нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл энх өсч хүмүүжиж, сурч боловсроход ач холбогдлоо өгөх “Сүү” хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтэд саад болох учиргүй гэдгийг эцэст тэмдэглэе.
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.