Редакцийн зурвас: Govinews.mn сайтын нээлт боллоо
“Говийн дуу хоолой” уриатай govinews.mn мэдээллийн сайтын нээлт Замын-Үүдэд өнөөдөр амжилттай боллоо.
Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол бүс нутаг болсон говьд өдгөө мэргэжлийн сэтгүүлзүйн дуу хоолой бүхнээс чухал энэ цаг үед манай хамт олон орчин үеийн мэдээллийн портал вэб сайтын шинэ технологийг бүрэн шингээсэн цахим хуудсаа “өлгийдөн” авлаа.
Govinews.mn-ийн нээлтийн үйл ажиллагаанд говийн бүсийн төлөөллүүдээс гадна хамтран зүтгэгч үзэг нэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, зураглаачид олноороо ирсэн юм.
Бид говийн бүсийнхээ өдөр тутмын мэдээ мэдээлэл, говь нутгийнхаа онцлог, сонин содон танин мэдэхүйн зүйлс, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлзүйн бүтээлүүдийг аудио, видео, фото, текст, график гээд мультмедиа төрлөөр хүргэх болно.
Энэ үеэр үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Т.Нэргүй “Govinews.mn бол ганцхан Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулах сайт биш юм. Бид говийн бүс, энэ бүсийн иргэдийнхээ шударга үнэний дуу хоолой болох гэж сайтаа байгуулж байгаа. Эдийн засгийн маш өндөр эргэлттэй, гааль, боомтоор нь ч гэсэн тэр ачаа, бараа эргэлтийн 80 нь говийн бүсээр дамжин өнгөрч байна.
Эдийн засгийн гол эргэх хөдөлгүүр нь энд байгаа ч гэсэн шударга бус зүйлүүд асар их бий. Тэр бүхнийг бид сэтгүүлзүйн үүргээр бага ч гэсэн ташуур болж, ард иргэдийн мэдээллийн гүүр болоход зорилгоо чиглүүлж буй юм. Манай редакцийн утсаар болон сошиал медиа хуудсуудаар холбогдож бидэнтэй хамтран ажиллахыг говьчууддаа мөн уламжилж байна” гэлээ.
Түүнчлэн манай вэб систем болон брэнд дизайныг Монголын хамгийн олон мэдээллийн вэб сайт бүтээсэн, 2023 оны “Web awards”-ын эзэн “Цаст солюшн” ХХК хөгжүүлж байгаа.
Тус компанийн захирал Л.Баатархүү “Бид орон нутагт тэр дундаа Замын-Үүдэд анх удаа брэнд дизайнтай, хамгийн хурдан ачааллах технологийн чадамжтай, ялгарахуйц дизайны шийдэл бүхий govinews.mn мэдээллийн вэбээ хөгжүүлэн нээж байна. Тус сайтын дизайныг нь “Говийн хүн” хөрөг булан, “Нүд” эрэн сурвалжлах булан, фото, лайв, видео, бизнес гээд харилцагчийн редакцийн нийтлэлийн бодлогын онцлогт уялдуулан шийдсэн” гэсэн юм.
Хүндэт уншигч, үзэгч, сонсогч та бүхэн манай редакцийн 8868-1111 утсаар болон сошиал медиа сувгуудаар холбогдож хамтран ажиллахыг урьж байна.
Хүндэтгэсэн:
www.govinews.mn -ийн хамт олноос
"ХЗДХЯ-аас нийслэлээс гаргасан журмыг бүхэлд нь хориглоогүй" гэв
Хошорюү С.Бямбасүрэн башёг унаагүй тэргүүлж байна
Цахилгааны кВт-ын үнийг 285₮ болгожээ
Хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоос хангажээ
ОУХМ Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа
ТӨСТЭЙ МЭДЭЭНҮҮД
Сэтгэгдэл
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.